2016-04-27,18:45

Мэдээ

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос анх удаа мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн анхдугаар тэмцээнд нийт 142 ахмад бөхчүүд өрсөлдсөний дотор Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин тус бүр гурав, ОУХМ 46 цолтон багтсан юм. Мөн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр нарын үндэсний бөхчүүд барилдлаа. 

Тэмцээний 49-56 насны ангиллын 76 кг-ын жинд Канад улсын Ванкувер хотод оршин суудаг, тус улсын үндэсний багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн барилдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Чөлөөт бөхийн мастеруудын анхдугаар тэмцээний талаар сэтгэгдлээ хэлэхгүй юу?

-Олон жилийн дараа дэвжээнд гарах сайхан байлаа. Миний бие сүүлийн жилүүдэд Канад улсад ажиллаж, амьдраад олон жил болж байна. Тиймээс нутагтаа ирж, ийм сайхан тэмцээнд оролцлоо. Чөлөөт бөхийн мастеруудын холбоо байгуулагдсан гэдгийг сонсож байсан. Мөн Монголд болох олимпийн эрхийн тэмцээний дараа мастеруудын УАШТ-ийг анх удаа зохион байгуулахаар болсныг дуулаад бэлтгэлтэй байлаа. Ихэнх ахмад бөхчүүдийн хувьд байнгын бэлтгэлгүй байгаа нь үнэн. Миний хувьд тамирчдын бэлтгэл сургуулилалт гээд чөлөөт бөхийн дэвжээнээсээ холдоогүй байгаа. Жиндээ мөнгөн медаль авлаа. Үеийнхэнтэйгээ нэгэн дэвжээнд гарсандаа баяртай байна. Мөн энэхүү тэмцээн анх удаа болсон нь ихээхэн онцлогтой байлаа. Тэр дундаа олимпийн эрх олгогдсон нэр хүндтэй тэмцээнд Монголд болж, тэр дэвжээн дээр бид өрсөлдсөн нь сайхан хэрэг болсон. Ахмад бөхчүүд бидний хувьд мартагдашгүй үйл явдал боллоо.

бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 16

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)